Sunday, December 6, 2015

Архангайн дараагийн брэнд чипсэн ааруул

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ жил сум бүрийг брэнд бүтээгдэхүүнтэй болгох зорилт тавин ажиллаж байна.  Тамир сум сүүн хурууд, Эрдэнэмандал сум эмээл, модон эдлэлээрээ аль хэдийнэ монголчуудын танил болсон. Бусад сум ч ямар брэндтэй болох талаараа ярилцан, олон янзын туршилт хийж байгаа юм.  Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргал брэндээ тодруулан үйлдвэрлэж эхэлсэн байхтай таарав. Тэдний брэнд нь  чипсэн  ааруул юм байна.   Тэрээр “Одоогийн хүүхдүүд чипс их иддэг болжээ. Хүний биед тийм ч сайн биш гэж  сонссон. Түүний оронд ааруулаа идэж яагаад болохгүй гэж. Бид яг чипс шиг хэлбэртэй ааруул үйлдвэрлэж эхэлсэн” хэмээв.  Хүмүүсийн дунд чипсэн ааруул хэмээх нэртэй ч савлагаан дээрээ “Хооргоно” гэх нэртэй. Мэдэхгүй хүн бол яг л чипс хэмээн андуурмаар юм. Амталж үзэхэд хатуу биш, хүлхэхэд аманд уусаж таатай санагдана.
Чипсэн ааруул хийх санаа төрж, саяхнаас яг л технологийнх нь дагуу үйлдвэрлэж эхэлжээ. Түүнээс өмнө хэлбэр дүрс, хадгалалтын горим, бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг тааруулж чадахгүй нэлээд хугацаа алдсан байна. Тэд ааруулаа саяхнаас худалдаанд гаргаад эхэлжээ. Эхний ээлжид аймгийн төв, ойролцоох сумдад хүргэж сонирхуулж байсан бол Улаанбаатарт ч худалдаалах болсон гэнэ.  Хүмүүс ч ихэд сонирхон хүлээн авч байгаа нь ойлгомжтой.  Аарц, зөөхий, түүхий сүүний ээдмээр хийж, бэхжүүлэгч, өнгө амт оруулагч гээд нэг ч химийн найрлага ороогүйгээрээ онцлог. Түүхий сүүний ээдэм хийж байгаа нь бэхжүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг.  Бүтээгдэхүүний үндсэн тоног төхөөрөмж нь махны машин. Хошууг нь монгол хүний уран аргаар жаахан өөрчлөөд л ааруулаа үйлдвэрлэж эхэлсэн байна. Одоогоор Оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээ авахаар хөөцөлдөж байна. Тэдний дараагийн зорилго нь Цэнхэр сумандаа үйлдвэр технологийн парк байгуулан үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх юм байна.

No comments:

Post a Comment